Wednesday, May 18, 2011

basketball

Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн, Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарь улсын иргэн Патрик Бауманн Монгол улсад айлчилж байна.
Өнөөдөр ноён Бауманн МҮОХ-ны байранд зочиллоо. Түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар хүлээн авч уулзаж санал солилцлоо.
Ноён Патрик Бауманн Монгол оронд айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа өгүүлээд Олон улсын Олимпийн эв санааны нэгдэл буюу Olympic Solidarity төсөлд сагсан бөмбөгийн спортыг оруулсанд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр том газар нутагтай ч цөөхөн хүн амтай, агуу их түүхтэй энэ улсад сагсан бөмбөг хөгжих бүрэн боломжтой байгааг хэлсэн. Ингэхдээ тэр хүн ам цөөтэй ч дэлхийд сагсан бөмбөгөөр тэргүүлэх гүрнүүд болох Словени, Литваар жишээ авсан юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол оронд сагсан бөмбөг хамгийн их хүүхдүүдийн хичээллэх дуртай, сонирхдог спорт болохыг дурдаад цаашид багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг олон талаар дэмжиж ажиллахаа хэллээ. Спортын анагаах ухааны доктор Д.Загдсүрэн 1992 онд судалгааны ажлын гол чиглэлээрээ сагсан бөмбөгийн спортыг сонгож эцсийн дүнд сагсан бөмбөг нь монголчуудын бие бялдарт тохирсон спорт болохыг олжээ. Иймд Монголын сагсан бөмбөгчдөд илүү их ирээдүй хүлээж байгааг онцоллоо.
Түүний айлчлал ням гарагт өндөрлөх ажээ.